Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

М.Чимгээ: Ус л томуугаас хамгийн сайн хамгаална

М.Чимгээ: Ус л томуугаас хамгийн сайн хамгаална

Сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, дүүргүүдийн эмнэлэг ачааллаа даахгүй байгаа талаарх яриа олны дунд их байна. Түүгээр ч зогсохгүй томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхэд эмнэлэгт олон дахин хэвтэж, вирус нь бүрэн дарагдахгүй байна гэх мэдээлэл ч чих дэлсэв. Олны яриа бодит байдал дээр ямаршуу байгааг сурвалжлахаар “Сүхбаатар” нэгдсэн эмнэлгийг зорилоо. Өглөөний 11.00 цагийн үед тус эмнэлгийн үүдээр ороход цай, хоол барьсан эргэлтийн хүн олон байв. Дотогшоо нэвтрэх зарим хүн үүднээс улавч 100 төгрөгөөр худалдан авч, гадуур хувцсаа өлгүүрт өгөөд орж байгаа харагдана. Гэхдээ хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эргэлтийн хоол цай мэтийг ажилчид ээлжлэн тасаг тасаг руу нь зөөж байв.

Тасгийн дугаарыг, хүүхдийн нэртэй нь уутан дээр бичиж эргэлтийг ажилчид дотогш аваад орох юм. Зарим нэг нь “Хүүхдээ эмчилж буй эмчтэй уулзмаар байна” гэж асрагчийг шалгааж байгаа харагдав. Манай сонины сурвалжлах багийнхан ч томуу, томуу төст өвчнөөр хэдэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлгийн ачаалал хэр байгааг тодруулахаар ирснээ угтагч бүсгүйд дуулгалаа. Тэрбээр “Даргаас зөвшөөрөл заавал авах ёстой” хэмээн хэлж, утас цохилоо. Хэдэн минутын дараа “Сүхбаатар” нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ гарч ирснээр бидэнд тухайн эмнэлгийн нөхцөл байдлыг мэдэх боломж бүрдсэн юм. Бид ч М.Чимгээ даргад хүүхдийн эмчтэй уулзах, орж сурвалжлага хийх зорилготой яваагаа учирлахад “Эмнэлэг хөл хорио тогтоосон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ийм шийдвэр гаргаж, мэдээллийг зөвхөн эмнэлгийн дарга өгөх ёстой” гэсэн юм. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний талаарх нэгдсэн мэдээллийг авах гэсэн боловч дүнг нэгтгээгүй учир өгөх боломжгүй, харин мэргэжилтнээс зөвлөмж яриа авч болно гэх үгийг эх сурвалж нь өгсөн юм.

“БҮХ НАСНЫХАН АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ ХЭВШМЭЭР БАЙНА”

Ингээд “Сүхбаатар” нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээтэй ярилцсанаа хүргэе.

-Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд яагаад ихээр өвчилж байна вэ. Үүнд, утаа, хүйтний улирал гээд олон зүйл хэр их нөлөөлж байна вэ?

-Ханиад томуу гэдэг нь вирусээр үүсгэгддэг өвчин, өөр юунаас ч шалтгаалаагүй шүү дээ. Үүнийг иргэд зөв ойлгох учиртай. Одоо томуугийн вирус алаг цоог дэгдэлттэй явж байна. Тухайлбал, хэн нэгэн хүн тэр өвчнийг зориудаар бусдад халдааж байгаа зүйл яавч биш л дээ. Дэлхийн нийтэд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлсэн. Ганцхан Монголд нэмэгдэж, дэгдээд байна гэж ташаа ойлгож болохгүй.

-Энэ өвчнөөр өвчлөгчдийн тоо ихэсч танай эмнэлэг хөл хорио тогтоосон юм биш үү. Одоогоор танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Хүмүүсийн яриад байгаа шиг эмнэлэг коридортоо эмчлүүлэгчээ хүлээн авч, эмчилж байгаа зүйл огт байхгүй. Өнөөдөр 125 орон дээр 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Манай эмнэлэг 200 хүүхэд хүлээн авах боломжтой. Тиймээс эмнэлгийн нөхцөл байдал хэвийн үргэлжилж байна. Харин хэвтэн эмчлүүлэгчдээ халдвараас хамгаалахын тулд гаднын хүн оруулахгүй байгаа юм. Яагаад гэвэл гадуур хувцсанд болон тухайн хүний гарт их хэмжээний томуугийн болон өөр бусад төрлийн халдварт нянгууд явж байдаг. Тэр бүх халдвараас хамгаалж байгаа юм. Үүний тул гаднаас ирж буй эргэлтийн хоол цайг эмнэлгийн ажилтан, албан хаагчид өвчтөнд хүргэн өгч байна. Үүнд ажилчдын хөдөлмөр, сэтгэл их шингэж байгаа.

-Ажилчдын хүрэлцээ хэр вэ?

-Маш сайн.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар та эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ. Аарц, чацаргана гэх мэт олон зүйлийг сайн гэх юм байна шүү дээ?

-Эцэг, эхчүүд юуны урьд хүүхдээ дулаан хувцаслаж байх хэрэгтэй байна. Энэ нь ханиад, томуугаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Мөн хүүхдэд маск / амны хаалт/ зүүлгэж хэвшүүлэх хэрэгтэй. Бас давхар дулаан ороолтоор амыг нь ороох нь чухал. Яагаад гэвэл хүүхэд амьсгалаараа агаарыг цэвэрлэж, дулаацуулж чаддаггүй. Түүнчлэн хүүхдүүдээ олон нийтийн газар авч явмааргүй байна. Томуу, томуу төст өвчнөөс хамгаалах хамгийн сайн арга бол шингэн зүйл хүүхдэдээ сайн уулгаж байх хэрэгтэй. Халуун зүйл уулга гэхээр манайхан аарц, чацарганын шүүсийг учиргүй их өгдөг. Энэ нь сайн ч ус уулгаж байх нь үүнээс ч илүү тустай. Өөрөөр хэлбэл, томуугаас хамгаалах хамгийн сайн хамгаалалт ус гэдгийг онцолмоор байна. Тиймээс хүүхдийнхээ биеийн жинд тааруулж ус сайн уулгаарай. Энэ дашрамд хэлэхэд, хүүхэд гэлтгүй бүх насныхан амны хаалт зүүж хэвшвэл томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Эмнэлэгт хэвтэж олон хоног эмчлүүлээд гарсан ч дахиад өвдлөө гэх олон эцэг, эхтэй таарлаа. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Томуугаар жилдээ хэдэн ч удаа өвчилж болно. Улаанбурхан өвчнийг вакцин хийгээд хамгаалж болдог. Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүн гучин жилдээ дахиж энэ өвчнөөр өвддөггүй. Томуу бол тийм биш. Нэг долоо хоногт хоёр ч удаа өвдөж болно. Тэгэхээр өвлийн улиралд арван ч удаа өвдөх магадлал бий. Ер нь энэ өвчинд насны туршийн дархлаа тогтдоггүй юм. Олонх аав, ээж ярьдаг л даа. “Манай хүүхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд дөнгөж сая гарсан. Гэтэл дахиад л ханиад хүрчихлээ” гэдэг. Үүний гол шалтгаан нь дархлаа сул байх үед нь олон нийтийн газраар авч яваад цоо шинэ томуугаар өвтгөсөнд л хамаг учир байгаа юм. Үүнээс үүдэж дахин хэлэхэд бага насны хүүхдийг өвлийн улиралд олон нийтийн газраар авч яваад баймааргүй байна шүү дээ.

Ийн ярилцчихаад эмнэлгээс гарч ажилдаа ирэх замдаа хүүхдээ тэвэрсэн хэд хэдэн хүнтэй тааралдлаа. Автобусны буудал, театрын үүд, дэлгүүрээр ороход гээд алхам тутамд л бага насны хүүхдээ тэвэрсэн аав, ээж явж л байх. М.Чимгээ даргын зөвлөснөөр “Болж өгвөл хүүхдээ олон нийтийн газар битгий авч яваарай” гэх үг амьдралд хэрэгжихгүй байгааг эндээс харж болохоор байсан юм. Тэр битгий хэл өвлийн тэсгим хүйтэнд хүүхдэдээ зайрмаг бариулчихсан, кинотеатр руу хөтлөөд гүйж байгаа аав, ээж ч таарч байх юм. Хүүхдийнхээ эрүүл мэндэд эцэг эх л анхаарах ёстой шүү дээ.

Найруулагч:BYN
Эх сурвалж:www.ugluu.mn
Мэдээ үзсэн:8
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой