Цагаан сар цуврал: Сар шинийн идээ шүүс

Цагаан сар цуврал: Сар шинийн идээ шүүс

Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм. Таваг засахдаа идээнийхээ боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал, зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй учир нь монголчууд есөн үеэр овог, удмаа тооцон үүний дараа яс хагалах ёс үйлдэж цус холилдох зүйлгүй болдог хэмээн үздэг. Гурван үе идээг залуу гэр бүл хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар далаас дээш настан есөн үе идээ тавих учиртай хэмээн хөгшчүүд сургадаг. Иймээс айл болгон заавал есөн үе боов өрөх шаардлагагүй гэсэн үг. Дээр нь цагаан идээ, еэвэн, ёотон, чихэр зэргээр чимдэг. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өгөх самнай, жижиг дугуй боов хийдэг.

Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж ер нь юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Ууц гэж хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр хавирга, шагайт чөмөг дагуулж болно. Дөрвөн өндрөө зочныхоо баруун гар талд байхаар, сээрийн нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы дотор талыг ууцныхаа харцага тал руу нааж, харцгыг зочны зүг харуулж тавьдаг. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтайг нь сонгож ууц тавьдаг. Эртнээс уламжилж ирсэн монгол зон олны гүн хүндэтгэлийн энэ идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны баяр болон олон нийтийг хамарсан хурим найр, том хэмжээний баяр наадам, ёслолын үед л хэрэглэдэг байлаа. Ууцны оронд үхрийн өвчүү чанавал өехий дор дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг тавьж болно.

Зохиогч:Н.Бадарч
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:www.trends.mn
Мэдээ үзсэн:9
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой