Цагаан сар цуврал: Битүүн

Цагаан сар цуврал: Битүүн

Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз, банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн тухай хөгшчүүл хуучилдаг. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, бурхандаа зул өргөж, эмэгтэйчүүд өмсөж зүүх, хувцас хунар, үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн

" Үсээ самнасан авгай нэг цэмцгэр
Үнсээ авсан тулга хоёр цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр гурван цэмцгэр " гэж ертөнцийн гурван цэмцгэр бүрддэг хэмээн аав ээж маань сургадаг байлаа.

Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн бэлгэдэл агуулсан эртний заншил юм. Битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, банш, жигнэсэн бууз цадталаа иднэ. Гэр бүлийн хэмжээнд банш, буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ, цагаан будаа тэргүүтнийг нууж хэн таарсан хүнд эд мөнгө, идээ цэгээ, будаа тариа элбэгийг бэлгэднэ. Ингэж ирж буй оны босгон дээр сэтгэл тэнүүн болж, өглөө гарах, ирэх зүг мөрийг тогтоосноор сар шинийг угтах гол бэлтгэл ажил дуусдаг. Хуучин цагт өвлийн шөнийн уртад, өөхөн дэнгийн гэрэлд сар шинийн өглөөг хүлээн шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, хорол, даалуу, үйчүүр гэх мэтээр наадаж, үлгэр, таавар, ертөнцийн гурвыг хэлцэж, оньсого таалцаж энэ оройг хөгжилдөж өнгөрөөдөг байв.

Манай аав ээж маань бидэнд 

- За ертөнцийн гурван хурдан юу вэ ? гэхэд хариуд нь бид

" Салхитай тэнгэрийн үүл хурдан
Саруул ухаантны санаа хурдан
Сайн морины явдал хурдан " 

-За ертөнцийн гурван хоосон юу вэ?

" Барин тавин байвч зүүд нэг хоосон
Барайж торойж байвч зэрэглээ хоёр хоосон
Бахирч хашгирч байвч цуурай гурван хоосон " 

-За ертөнцийн гурван улаан юу вэ?

" Жаргалтай хатны хацар нэг улаан
Жавартай тэнгэрийн хаяа хоёр улаан
Жалгад ургасан сухай гурван улаан "гэх мэтээр хариулна. Ертөнцийн гурав бол Монгол түмний аман зохиолын онцгой хэсэг агаад цөөн мөрөнд бүх үнэнийг агуулсан оньч мэргэн ухааных нь увидас юм. Оньсого таалгахдаа “Зуундарийн зургаан цагаан ямаа зуданд үхээгүй атлаа зун үхлээ” тэр юу вэ? гэнэ. “Марал мичид” хэмээх зургаан од өвөл гарч энгийн нүдэнд үзэгдээд зун харагдахаа больдог. Энэ оньсогыг хүүхэд нэг л удаа сонсоод эдгээрийн тухайд анхны ойлголттой болох агаад хүүхдийн санаанд насан туршид нь үлддэг юм. Хэрэв хэлсэн оньсогыг нь тайлж чадахгүй бол худалдана. Худалдахдаа дайрал үгээр:

Тайлаг тайлаг тэмээнээс
Таван атга шорооноос
Гунжин гунжин үнээнээс
Гурван атга шорооноос
Сэтэрхий зүүнээс
Сэмэрхий хадагнаас гээд... л наргиан болгон дуудаж гарна даа. Үлгэр бол бидний дуртайяа сонсдог зүйлийн нэг байлаа. Үлгэрт үргэлж шудрага үнэн, муу муухайг ялж, амар сайхан жаргадаг. Өнөөдөр ч гэсэн монгол түмэн өдөр тутмынхаа амьдралдаа үлгэрт гардаг шиг тэр шудрага үнэнийг, тэр сайн сайхан амьдралыг үргэлж мөрөөдөж эрж хайсаар л байгаа. Иймээс ирэх шинэ он, цагийн өнгөнд зөвхөн үлгэрт гардаг тэр шудрага үнэн амьдралын бодит хэрэглүүр болж сайн сайхан амьдралд хүргээсэй хэмээн өөдрөг сэтгэлээр сар шинээ угтацгаая.

Битүүнд хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны билэггүй юм ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн нэгний өглөө ус барих, юм угаах, оёх, хог үнс асгах, мал нядлах, хүүхэд, амьтан загнаж зодох, үс засах, түлээ хөрөөдөх гэх мэтийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрэлдэх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Сар шинийн өмнө бүх муу үйлийг дуусгаж, ирэх шинэ цагт сүр сүлд нь тэнгэрлэг, аж амьдрал өөдлөн дээшлэхийг бэлгэдэн ирээдүйд итгэн найдаж буй бишрэл бөлгөө. Ингээд таван мэдрэхүйдээ сайн сайхны бэлгэдэл болгож нүдээрээ зул, чихээрээ дуу хуурын аялгуу, амаараа амтад идээ, хамраар арц хүжийн үнэр, биедээ шинэ хувцас өмсдөг нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлээ ариусгаж, бодол санаагаа цэгцэлж буй өөдрөг санааны илрэл юм. Ийнхүү сар шинийн бүх бэлтгэл ажил битүүний энэ орой бүрдэн бүгдээр сэтгэл ханамжтай болж, хөөрч баясах нөхцөл бүрдэн баярын урам ордог.

Өөдрөг сэтгэл, баярын урамтай айл гэрийн голомтод, дуу хуурын эгшиглэнд жаргалтай дэлгэр бүрдэн, гэрийн жавар арилж нэгээс нөгөөд дамжин өрх гэрээрээ, айл хотлоороо, улс түмнээрээ өгөөмөр тэнүүн уур амьсгал ордог ажгуу. Энэ орой монголчууд морин хуурынхаа жаврыг гарган цэнгэнэ.

Моринд дуртай монголчуудын зөн совин, уянга ярууг өөртөө шингээдэг морин хуур хэмээх энэ уран эгшиглэн монгол хүний дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг хөглөн огшоодог увдистай бөлгөө. Хуурын хоёр чавхдас дөрвөн цагийн өнгийг хөг аяндаа багтаан хүний хэлээр ярьж, шувуудын дуугаар донгодон, хүлгийн үүрслээр янцгаана. Уртын дууны аялгуу нь зөвхөн энэ хөгжмийн уянгатай нийлж хөдөө талын нүүдэлчин амьдралын аяс хэмнэлд идээшин дассан монгол хүний сэтгэлийн галыг бадраадаг билээ.

Зохиогч:Н.Бадарч
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:www.trends.mn
Мэдээ үзсэн:3
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой